
.jpg)
Dolgor Ploetz
Jul 21, 2021
Би 2005 оноос Вашингтон ДС орчмын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа.
Өөрийн 17 жилийн турш хуримтлуулсан туршлагаа ундэслэн та бүхэнд цуврал блогоор зөвлөгөө өгөх болно.
Энэ удаагийн блогоор байр орон сууцны үнийг тодорхойлдог хамгийн чухал үзүүлэлт болох байршлын талаар бичнэ.
Америкууд байр орон сууцны үнийг тодорхойлдог хамгийн гол үзүүлэлтийг байрлал гэж үздэг. Location location location...
АНУ нь 50 муж, 3007 дүүрэг (county), бараг 20,000 том жижиг хот суурингаас бүрддэг бөгөөд нийт газар нутгаа 41,702 шуудангийн кодод (Zip code) хуваасан байдаг.
Байрны үнэ нь ямар муж (state), ямар дүүрэгт (county), ямар хот (city or town) байхаас шалтгаалдаг бөгөөд дээрх 5 оронт шуудангийн код (Zip code) бол байрлалын бүр нарийн үзүүлэлт юм.
Жишээ нь, 2020 оны байдлаар:
Калифорниа мужийн Сан Матео (San Mateo) дүүргийн байрны дундаж үнэ $1,500,000 байхад
Техас мужийн Күк (Cooke) дүүргийн байрны дундаж үнэ $145,000. Манайхан олноор амьдардаг Виржиниа мужийн Фэйрфакс (Fairfax) дүүргийн дундаж үнэ $580,000 байх жишээтэй.
Өөрийн мэргэжил, боловсрол, орлого, ирээдүйн зорилгоо бодоод өөрт таарсан байрлалаа олоход нэмж бодож үзэх хэд хэдэн зүйлийг дурдвал:
1. Ажил гэр хооронд зарцуулах цаг
Ер нь өглөө оройдоо тус бүр 30 минут замдаа зарцуулах нь тохиромжтой гэж үздэг. Өдөр бүр нэг цагаас илүү хугацааг замд зарцуулбал хүн ядардаг, түүнээс гадна замын хөдөлгөөн,
түгжрэлтэй холбоотой стресс үүсдэг. Дээрээс нь бензин тос, машины элэгдэл хорогдол гээд бусад жижиг асуудлуудыг бодолцох хэрэгтэй. Иймд ажилдаа ойр тусам сайн.
2. Сургууль
3. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдтэй гэр бүлүүдийн маш их анхаарал тавих зүйл юм.
АНУ-д зөвхөн өөрийн гэрийн хаягаар тодорхойлсон сургуульд явдаг. Дүүрэг хотоос нь урьдчилаад гаргасан сургуулийн тойргийн газрын зураг (School boundary map) байдаг. Замын урд хойд талын айлын хүүхдүүд өөр өөр сургуульд явах жишээтэй. Үүнээс болж тухайн айлуудын байрны үнэ зөрүүтэй байх нь ойлгомжтой.
Хурдны зам болон метронд ойр байх
АНУ-д хурдны зам руу орсон бол цагт 100 км-ээс дээш хурдтай явах боломжтой. Энэ нь өдөр тутмын ажил амьдралдаа орж гарахад цаг их хэмнэнэ. Мөн метротой хотуудад амьдардаг хүмүүс метроны буудалд ойрхон байвал заавал хотод үнэтэй зогсоолын мөнгө төлөх шаардлагагүйгээс гадна өмнө хэлсэн шиг цаг, бензин тос хэмнэх, түгжрэлийн стресст орохгүй зэрэг олон давуу талтай.
Жишээлбэл: Вашингтон ДС -г тойрсон I-495 (Capitol beltway) гэдэг 103 км урттай хурдны зам байдаг. Үүнээс гадагш холдох тусам байрны үнэ хямдрах жишээтэй.
Дараагийн блогтоо би ямар өмчлөлийн хэлбэртэй байрууд байдаг тухай бичих болно.
Анхаарал тавьсанд баярлалаа!