
.png)
Анур – Амазон дах таны зөвлөх
Jul 18, 2021
Сошиал медиа хэрэгслийг хурдны морьдтой зүйрлэх нь бий. Хурдны морьдыг уралдаанд сайн бэлдэж, уяа сойлгыг нь сайн тааруулж чадвал тэд өөрсдөө давхиж, барианд орж ирдэг. Үүнтэй адил, та сошиал медиа дээр бизнесийн мэдээллээ аль сувгаар нь хэрхэн, яаж хүргэх, мэдээлэл солилцох, бизнес түншлэл тогтоох зэрэгт суралцаж, төлөвлөж, үүнийгээ дадал болговол таны ажил, бизнес хэрэг, сошиал медиа хэрэгслийн тусламжтай амжилтанд хүрэх боломжтой.
Дийлэнх хүмүүс сошиал медиа гэдгийг зөвхөн YouTube дээр видео оруулах, Facebook дээр лайв хийх, эсвэл LinkedIn дээр өөрийн профайлыг үүсгэх зэргээр хязгаарлаж ойлгох нь бий. Яг үнэндээ, та өөрийнхөө хэрэглэгчдэд, зорилтот зах зээлдээ хүрч болох бүхий л сувгуудыг нь олж харж, түүгээр дамжин тэдэнд хүрэхэд гол зорилго нь оршиж байгаа. Хэрэглэгчид тань хаана байна, тэдгээ суваг бүрт нь та мэдээллээ оруулж чадвал үр дүнд хүрнэ. Яг л ганц мод гал болохгүй гэдэг шиг, ганцхан хоёрхон сошиал медиа суваг таны бизнесийн амжилтыг дэмжихэд хүчин мөхөсдөнө.
Сошиал медиа дээр амжилттай байхын тулд тодорхой хэмжээний зориулалт, хүч хөдөлмөрийг та гаргах ёстой. Сошиал медиа дээр явуулах компанит ажлынхаа цар хүрээ, далайцыг тодруулахаас эхлээд платформ бүрийг сайтар судалж, ажиллах плафтормуудаа зөв сонгох, тодорхой давтамжтайгаар шинэ мэдээ мэдээлэл оруулах хэрэгтэй.
Дээр нь зарим сошиал медиа хэрэгслүүд үнэ төлбөртэй байдаг. Зарим нь үнэгүй хэдий ч оруулах мэдээллээ бүтээх хөдөлмөр, ажилтны цалин гээд зардал бий. Тиймээс эрхлэн явуулах ажлынхаа чиглэлд тохирох сошиал медиа сувгуудыг түлхүү барьж авах нь ухаалаг сонголт.
Сошиал медиа гэдэг маань зөвхөн YouTube, Facebook, LinkedIn ээр хязгаарлагдахгүй, өөр маш олон платформ байгаа. Сайн далайцтай, зорилтот зах зээлдээ хүрсэн компанит ажил явуулья гэвэл аль болох олон платформ буюу сошиал сувгууд дээр зэрэг мэдээллээ хүргэх нь ухаалаг. Сошиал медиа платформыг ашиглан, та бизнес түншлэл, харилцаа бий болгох, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олонд таниулах, мэдээлэл, зөвлөмж өгч, солилцох боломжтой.
Нийтлэлийг бичсэн: Анур В.Ариунцэцэг (Бизнесийн шинжээч, сошиал маркетер)